Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"Монголд коронавирусийн эсрэг авч байгаа дэглэмийг хэт чанга гэх бодол төрж байсан"

НИЙТЛЭСЭН: 2020-07-16 12:06:09
Бусад > Шар мэдээ | Сэтгэгдэл: 0

Бид Элчин Сайд булангийнхаа энэ удаагийн зочноор Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюкиг урилаа. Тэрээр энэ оны нэгдүгээр сараас эхлэн манай улсад Япон Улсын Элчин сайдаар ажиллаж байна. Бид хоёр улсын харилцаанаас гадна COVID-19-ийн эсрэг авч буй арга хэмжээ, Токиогийн олимп хойшлогдсон зэрэг цаг үеийн үйл явдлын талаар ярилцлаа.

- Та Монголд гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Анх удаа Монголд ирж байсан сэтгэгдлээсээ хуваалцвал?   
- Би Монголд анх 1985 онд ирж 1989 он хүртэл амьдарсан. Эхний нэг жил МУИС-д Монгол хэлний ангид суралцаад түүний дараах гурван жилийн хугацаанд Монгол дахь Японы Элчин сайдын яаманд ажилласан. Монгол Улс 80-аад оны үед социалист орон байсан ба тухайн үед Монгол Японы харилцаа төдийлөн сайн байгаагүй. Сонин сэтгүүл дээр япон улсыг империалист, капиталист гэх мэт сөрөг агуулгатай зүйлсийг заримдаа бичдэг байв. Тухайн үед би хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх нь багагүй бэрхшээлтэй юм байна даа гэж бодож байлаа. Харин гудамжаар алхаж явахад миний найз нөхөд, танилуудтай төстэй царайтай хүмүүс байх нь надад их дотно санагддаг байсан шүү. Анх монголд ирэхэд гадаад улсад ирсэн мэт сэтгэгдэл төрөөгүй. 

Монгол, Япон хоёр улс нэг ижил үнэт зүйлийг эрхэмлэдэг болсноос хойш бидний харилцаа улам гүнзгийрсэн гэж боддог.

- Монгол хэлээр чөлөөтэй ярьдаг маш цөөхөн элчин сайд нарын нэг нь та.  Монгол хэлийг сурах хэцүү байв уу? 
- Би чөлөөтэй ярьдаггүй шүү дээ. (инээв) Тухайн үед Японд Токиогийн гадаад хэлний их сургууль болон Осакагийн гадаад хэлний их сургуульд л монгол хэл заадаг байсан. Гэхдээ би монгол хэлийг эдгээр сургуулийн алинд ч эзэмшээгүй. Японы Гадаад хэргийн яаманд ажилд орсныхоо дараа надад монгол хэл сурахыг даалган, эхний жилээ АНУ-ын Индианагийн их сургуульд суралцаад дараагийн жил нь Монгол Улсын Их сургуульд монгол хэл суралцсан. Монгол хэл нь Япон хэлний дүрэмтэй адилхан учраас сурахад тийм ч хэцүү биш. Харин кирилл үсгийг уншиж сурахад нэлээд хэцүү байсан. Мөн Япон хэлэнд таван эгшиг байдаг бол Монгол хэлд долоон эгшиг байдаг. Тиймээс одоо ч япон хэлэнд байдаггүй хоёр эгшгийг дуудах хэцүү байдаг. (инээв)

- Хоёр улсын харилцааны хамгийн чухал үндсийг та юу гэж бодож байна вэ?
- Сайхан асуулт байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн хугацаа буюу 90-ээд оноос хойш манай хоёр орны харилцаа эрчимтэй хөгжсөн гэж хэлж болно. Монгол, Япон хоёр улс нэг ижил үнэт зүйлийг эрхэмлэдэг болсноос хойш бидний харилцаа улам гүнзгийрсэн гэж боддог. Мөн монгол, япон хүмүүс зүс царайны хувьд төстэй ба бид нэг өвөг дээдэстэй ч байж болохоор юм. Үүнийг үгүйсгэх хүн байхгүй болов уу. Манай хоёр орны харилцаа Хубилай хааны үеэс эхтэй бөгөөд түүхэнд хоёр улсын хооронд тулаан тэмцэл байсан ч тэр цагаас хойш ирээдүйг харан урагшилсаар ирсэн хоёр орон маань өдгөө ч нэгэн зүгт харан хөгжсөөр байгаа гэж бодож байна. 

 "ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХЭД ГАДААДЫН АЖ АХУЙ НЭГЖИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО ИХ ЧУХАЛ"

- Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх боломжтой вэ?
- Манай хоёр орны харилцаа цаашид олон салбарт дэвшин хөгжих нөөц боломж маш их байгаа гэж боддог. Тэр дундаа Монголын байгалийн баялаг, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж бий. Мөн Японд их дээд сургууль төгссөн монголын чадварлаг залуус эх орондоо буцаж ирэн “AND Global”, “Invescore” гэх мэт компанийг байгуулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монголд дээр дурдсан салбаруудаас гадна IT-ийн салбарыг хөгжүүлэх нөөц боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Бизнесийн орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоог найдвартай болгох зайлшгүй шаардлагатай байна

Манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд гадаадын аж ахуй нэгжийг хамгаалах тогтолцоо их чухал нөлөөтэй. Тэр дундаа бизнесийн орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоог найдвартай болгох зайлшгүй шаардлагатай байна гэж харж байна. Монголчууд нэг зүйлийг маш сайн ойлгоосой гэж хүсэж байна. Японы хөрөнгө оруулагчид Монголоос гадна өөр улсад ажиллах боломж олон бий. Мьянмар, Вьетнам зэрэг улсад хөрөнгө оруулалт хийх сонголт тэдэнд байдаг. Тиймээс тэдгээр хөрөнгө оруулагчдад Монголд ажиллах арай илүү давуу тал, онцлог байдлыг бүрдүүлж өгөх шаардлага байгаа учраас тэднийг хамгаалах эрх зүйн орчныг илүү сайжруулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. 

- Хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоо дутмаг байгаа нь танд хэрхэн ажиглагддаг вэ? Үүнд жишээ дурдвал?
- Өнөөг хүртэлх хугацаанд миний ажигласнаар нэгдүгээрт, Монголд ирсэн Японы хөрөнгө оруулагчид яриа хэлэлцэл хийгээд ажлаа эхлүүлээд явж байтал монголчуудын анх ярьж байсан зүйл нь гэнэт өөрчлөгддөг. 

Хоёрдугаарт, аль хэдийнэ хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байхад гэрээ хэлэлцэл хийхэд мөрдөж байсан Монгол Улсын хууль тогтоомж нь өөрчлөгдөх тохиолдол гардаг. Мэдээж хууль тогтоомжийг өөрчилж, шинэчлэх нь хэвийн зүйл ч талуудын өмнө тохиролцсон зүйлсийг хэрэгжүүлэх амаргүй болдог нь хөрөнгө оруулагчдын хувьд багагүй бэрхшээл болдог. Тиймээс эдгээр зүйлсийг ил тод болгож, хөрөнгө оруулалтаа саадгүй хийх орчинг сайжруулах шаардлагатай болов уу.

Аливаа нэгэн гадны хөрөнгө оруулагч Монголд ажиллахад газар нутгийг нь ухан ганцаараа байгалийн баялгийн ашгийг нь авч яваад байна гэх өрөөсгөл ойлголт байгаа нь ажиглагддаг.

Уул уурхайн баялгийн тухайд ярихад аливаа нэгэн гадны хөрөнгө оруулагч Монголд ажиллахад газар нутгийг нь ухан ганцаараа байгалийн баялгийн ашгийг нь авч яваад байна гэх өрөөсгөл ойлголт байгаа нь ажиглагддаг. Жишээ нь, америкчууд Японд хөрөнгө оруулалт хийн япончуудтай хамтраад харилцан ашгаа хүртэж байвал бидний хувьд энэ нь бизнесийн зарчмын дагуу явж буй хэвийн үзэгдэл. 

Хөрөнгө оруулагч тал тухайн бизнесээс ашгаа авах нь зүй ёсных юм. Үүнтэй холбоотойгоор Оюутолгой компанийн талаар ярихад тус компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулснаар Монголын нэр хүнд, байр суурьт чухал нөлөөтэй. Мөн Монгол Улсын эдийн засагт зөвхөн уул уурхайн салбарт гэлтгүй бусад талаараа ч эерэг нөлөөг үзүүлж байна. Жишээ нь ресторан, зочид буудал, бараа бэлтгэн нийлүүлж буй олон компанид ашгаа өгсөөр байгаа юм.

Эдгээрээс хамгийн чухал нь энэхүү компанид олон монгол хүн ажилласнаар уул уурхайн салбарын олон улсын менежмент, техник технологиос суралцах боломж хэмээн харах нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, энд ажиллаж байгаа олон залуус дэлхийн хэмжээний ноу-хауг эзэмшин туршлагажиж, ирээдүйн Монгол Улсыг хөгжүүлэх чухал боловсон хүчин бэлтгэгдэж байгаа хэмээн бодож байна. Тэр ч утгаараа өөр олон давуу тал бий.  

- Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын тухайд энэхүү бүтээн байгуулалтын ажил болон менежментийг Япончууд хариуцаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
- Та бүхний мэдэж байгаачлан Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал нь Япон Улсын Засгийн газрын иенийн хөнгөлөлттэй зээлээр барьсан. Төслийн эхэн үед менежментийн талаар тохиролцоогүй байсан ба барилга байгуулагдаж дуусахын өмнө хоёр тал хэлэлцэн Японы хэд хэдэн компаниас бүрдсэн консорциум менежментийн багийг бүрдүүлж ажиллахаар болсон. Нисэх онгоцны буудлын барилгыг  хоёр улсын Засгийн газрууд хамтран барьсан бол менежментийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Энэ төслийг Монгол, Япон хоёр орны хооронд хэрэгжиж буй анхны төр хувийн хэвшлийн түншлэл (PPP) гэж үзэж болно. 

Японы “Нарита” болон “Ханеда” нисэх онгоцны буудлын мэргэжилтнүүд, туршлагатай баг хамт олон ажиллаж байгаа учраас дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц нэгдүгээр зэрэглэлийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна 

Япон Улсын талаас оролцож байгаа консорциумд “Нарита” болон “Ханеда” нисэх онгоцны буудлын мэргэжилтнүүд ажиллаж байна. Тиймээс нэлээн туршлагатай баг хамт олон ажиллаж байгаа учраас дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц нэгдүгээр зэрэглэлийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна гэсэн үг. Одоогоор КОВИД-19 өвчин гарсан байгаа ч цаашид уг байдал намжин олон улсын нислэгүүд хэвийн үйлдэгдэж эхлэхэд төсөв мөнгөний асуудлууд шийдэгдэх болно. 

- 1990 оноос хойш танай улсаас манай улсад үзүүлсэн дэмжлэг, тусламжуудыг нэрлэвэл нэлээд урт жагсаалт гарах байх. Япон улс бусад улсад дэмжлэг, тусламж үзүүлэхдээ ямар бодлого баримталдаг вэ?
- Япон улс уул уурхайн баялагтай ч Монголынх шиг нүүрс, зэс, ховор метал тийм ч их хэмжээгээр байдаггүй. Япон улс нь гадаад улстай харилцаагаа сайжруулахгүйгээр ирээдүйн зураглалаа гаргах боломжгүй гэсэн бодлого баримтладаг. Тиймээс бусад улстай холбоо харилцаагаа сайн байлгаж ирээдүйгээ төлөвлөдөг. Олон улсын хамтын нийгэмлэг дэх бусад улс орнууд ч мөн Япон улс шиг хөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Өөрөөр хэлбэл бид  дангаараа хөгжих бус, харин бусад улс орон ч цэцэглэн хөгжсөнөөр бид хамтдаа хөгжин дэвшиж чадна гэсэн үзэл бодол юм. 

Тэр ч утгаараа Монголд ч бас шийдвэрлэх шаардлагатай олон асуудалд бидний зүгээс нэн шаардлагатай тусламжуудыг үзүүлдэг. Түүнээс гадна Монгол Улс хурдан хөгжих нөөц боломж бүрэн байгаа гэж хардаг. Монгол өдгөө бусад орноос тусламж дэмжлэг авч байгаа ч их богино хугацаанд хөгжин эсрэгээрээ дэлхийн бусад улсад туслах чадвартай улс болоосой гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. 

"КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ХАТУУ ДЭГЛЭМИЙГ УДААН ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ ЭДИЙН ЗАСАГ СУЛРАХ ЭРСДЭЛТЭЙ"

- Та Элчин сайдынхаа хувьд Монгол улс КОВИД-19-ийн эсрэг хэр ажиллаж байна гэж харж байна вэ? 
- Монгол Улсын хувьд коронавирусийн эсрэг нэлээн чанга арга хэмжээ авч ажиллаж байна. Ер нь дэлхийн бусад улс гадаадаас орж ирсэн хүнийг хоёр 7 хоног тусгаарлаж байгаа юм. Харин Монголд тусгаарлах байранд 21 хоног байлгасны дараа гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагыг тавьж байна.

Ийм хатуу дэглэмийг цаашид удаан үргэлжлүүлбэл нөгөө талдаа эдийн засаг сулрах эрсдэлтэй нь нууц биш.

Монгол Улс коронавирусийн эсрэг авч байгаа энэхүү дэглэмийг хараад хэтэрхий чанга юм уу даа гэх бодол анх төрж байлаа. Монгол Улсын Засгийн газар болон холбогдох албаны хүмүүстэй уулзахдаа энэ талаар ярилцахад Монголын эрүүл мэндийн үйлчилгээний түвшин харьцангуй доогуур учраас хэрэв вирусийг дотооддоо алдчихвал арга хэмжээ авахад бүр хэцүү болно. Тиймээс ийм хатуу дэглэм барьж байгааг хэлж байсан. Үүний үр дүнд ард иргэдээ уг өвчнөөс амжилттай хамгаалж чадаж байна. Улс дотроо коронавирус тархаагүй байгаа нь тун сайшаалтай юм. 

Гэвч ийм хатуу дэглэмийг цаашид удаан үргэлжлүүлбэл нөгөө талдаа эдийн засаг сулрах эрсдэлтэй нь нууц биш. Монгол Улсын шинэ Засгийн газар байгуулагдлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин ажиллахаар боллоо. Мэдээж коронавирусийн эсрэг авах арга хэмжээ маш чухал ч нөгөө талдаа эдийн засгийг сайжруулж, эрчимжүүлэх нь Монгол Улсын цаашдын хөгжилд бас нэгэн чухал нөлөөтэй зүйл гэж би бодож байна. 

- Япон Улсын коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээний талаар ярьвал?
- Япон Улсын хувьд одоогоор Монголынх шиг хатуу арга хэмжээ аваагүй байна. Онц байдал зарлан түүнийгээ цуцлаад одоо хэвийн байдалдаа орохыг хичээж байна. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд коронавирусийн 50-100 тохиолдол шинээр бүртгэгдсээр байгаа юм. Япончууд коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч байгаа ба цаашид уг өвчнийг бүрэн дарна хэмээн найдаж байна. Токиод коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдийн засгийн хувьд ч буурах хандлагатай байгаа учраас энэ бүгдийг хэвийн болгохоор ажиллаж байна.
 
- Токио-2020 наадам хойшилсон ч 2021 онд зохион байгуулагдах эсэх нь ч эргэлзээтэй байна. Олимп цуцалснаас үүдэн ямар сөрөг үр дагавар бий болж байна вэ?
- Энэ жил зохион байгуулагдах ёстой байсан “Токио-2020” олимп нэг жилээр хойшилж 2021 онд болохоор болсон. Япончууд олимпыг ирэх онд зохион байгуулахыг бүгд л хүсэж, хичээж байна. Ирэх жил гэхэд дэлхий нийтээрээ коронавирусийг дарчихаад түүнийгээ тэмдэглэхийн сацуу олимпоо төлөвлөсөн ёсоор 2021 оны долдугаар сард зохион байгуулаасай гэж хүсэж байна. Мөн олимпыг зохион байгуулахаар Япон Улсын Засгийн газар бүхий л чадлаараа хичээж байгаа юм. Нөгөөтэйгүүр “Токио-2020” зуны олимп азийн улсад зохион байгуулагдсанаар Монголд ирэх жуулчдын тоо ч төдий хэмжээгээр нэмэгдэж, эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх болов уу. 

Японы хөдөлмөрийн зах зээл дээр монголчуудад олон давуу тал байдаг. Нэгдүгээрт, гадаад хэлийг их амархан, богино хугацаанд сурдаг.  Хоёрдугаарт, монголчууд япон хүмүүстэй харилцах харилцааны чадвар сайн.

- Япон улс тусгай ур чадвартай ажилтанг гаднаас авах болсон. Ямар шалгуур тавигдаж байгаа болон монголчуудыг үүнд хамруулж байна уу?
- Японд төрөлт багасаж, ахмад настнуудын тоо нэмэгдсээр байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс хөдөлмөрийн насны хүн ам цөөрч, ажиллах хүчин хомсдсон нь гадаадаас ажиллах хүчин авах нийгмийн шаардлагыг бий болгосон. Монголоос асрагч гэх мэт тусгай ур чадвартай олон төрлийн мэргэжлээр ажиллах хүчин авах бололцоотой байна. Шалгуурын тухайд япон хэл болон тусгай ур чадварын мэргэжлийн шалгалт өгөх шаардлагатай. Японы хөдөлмөрийн зах зээл дээр монголчуудад олон давуу тал байдаг. Нэгдүгээрт, гадаад хэлийг их амархан, богино хугацаанд сурдаг. Өмнө нь дурдсанчлан монгол, япон хэлний дүрэм адилхан байдаг нь давуу талтай. Хоёрдугаарт, монголчууд япон хүмүүстэй харилцах харилцааны чадвар сайн. Тиймээс цаашид Японд ажиллах тусгай ур чадвартай боловсон хүчний тоо нэмэгдээсэй гэж хүсэж байна. 

"МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ХАЛУУН ДОТНО УУР АМЬСГАЛ ЯПОНД ӨНГӨРҮҮЛСЭН ХҮҮХЭД НАСЫГ МИНЬ САНАГДУУЛДАГ"

- Монголчууд япончуудаас суралцмаар зан? Нөгөөтэйгүүр монголчуудын авууштай зан чанарыг юу гэж боддог вэ?
- Их хэцүү асуулт байна. (инээв) Би энэ талаар элчин сайдын хувиар биш харин хувь хүний бодлоо хуваалцмаар байна. Улс үндэстэн бүр өөр өөрийн сайн, муу талтай байдаг. Үүний адилаар Япон, Монголд аль алинд нь давуу болон сөрөг тал бий. Сайн дотроо ч сайн, муу хоёр тал байх тохиолдол гардаг. Япончуудаас суралцан сайн талыг нь хуулбарласан ч Монголын нийгэмд хэр зохицох вэ гэдэг нь бас эргэлзээтэй. Тиймээс монголчууд япончуудын хэрхэн ажиллаж, яаж амьдарч байна гэдгийг ажиглан дүгнэлт хийн шаардлагатай гэсэн зүйлсийг авч өөрийн болгох нь зүйтэй юм болов уу. 

Япончуудын өнөөдрийг хүртэлх хугацаанд үзүүлсэн тусламжийн үр шимийг 35-аас дээш насны монголчууд сайн мэдэх байх. Харин залуу үеийнхэн төдийлөн сайн мэддэггүй юм шиг санагддаг.

Би Монголчуудын хоёр зан чанарыг ихэд сайшаан үздэг. Нэгдүгээрт, монголчууд маш тэвчээртэй ард түмэн. Ялангуяа хөдөөний хүмүүс бие бялдар сайтай, хүчтэй байдаг. Хоёрдугаарт, гэр бүл, төрөл садангийн харилцаа дотно буюу бүлсэг ард түмэн. Монголчуудын гэр бүлийн халуун дотно уур амьсгал надад Японд өнгөрүүлсэн хүүхэд насыг минь санагдуулдаг. Ажиглаад байхад япончуудын гэр бүл хоорондын харилцаа холдсон юм шиг санагддаг. Харин монголчууд хоорондоо их ойр дотно, их сайхан харилцаатай байдагт нь цагаан атаархал төрж сэтгэл их хөдөлдөг. 

- 2022 онд Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ?
- Манай хоёр орны дипломат харицлаа тогтоосны тэмдэглэлт ойн жилүүдийг бид их өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. 50 гэдэг бол маш даацтай тоо. Тиймээс 2022 онд болох 50 жилийн ойн баяраа маш өргөн дэлгэр тэмдэглэхээр одооноос төлөвлөж байна. Өмнө нь хоёр улсын соёл, урлагийг харилцан сурталчилах үйл явдал олон болдог байсан. Харин энэ удаад соёлыг сурталчилахаас гадна тэмдэглэлт баярын үйл ажиллагааг маш өргөн хүрээнд зохион байгуулна гэж бодож байна. Товчхондоо олон хүнд хүрсэн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулмаар байна.

Япон Улс Монголд 1990 оноос хойш тусламж, дэмжлэгээ эрчимжүүлсээр ирсэн. Энэ үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд үзүүлсэн тусламжийн үр шимийг 35-аас дээш насны монголчууд сайн мэдэх болов уу. Харин залуу үеийнхэн төдийлөн сайн мэддэггүй юм шиг санагддаг. Тиймээс тэдэнд манай хоёр улсын харилцааг илүү сайн ойлгуулж, түүний үнэ цэн, утга учрын талаар таниулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж чадвал сайн байна. 



- Ярилцсанд баярлалаа.  

Гэрэл зургийг Э.Батзавъяа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.